МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 04 сарын 09 өдөр |
Төрийн ордон, Улаанбаатар хот |
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ нь тайлант хугацаанд түрээсийн орлогод ногдуулсан албан татвараас их байвал илүү гарсан хэсгийг татварын хөөн хэлэлцэх хугацаанд багтаан дараагийн тайлант хугацаанд шилжүүлэн эдэлж болно.
/Энэ зүйлд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлсүгэй.
/Энэ зүйлд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3 дугаар зүйл.Гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, тус ажлыг хийж гүйцэтгэж байгаа албан татвар төлөгчийн хувьд уг ажилтай холбоотой олсон орлогод энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан чөлөөлөлт хамаарахгүй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийн 1, 2, 3 дугаар зүйлийг хэрэгжүүлэх журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
5 дугаар зүйл.Албан татвар төлөгч энэ хуульд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байх эрхтэй.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.
/Энэ зүйлд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР