Хязгаарлалттай хасагдах зардал
1. Албан татвар, төлбөр, хураамж нь төсөвт төлөхөөр тайлагнасан байх;
2. Албан томилолтын зардал нь төрийн албан хаагчдын албан томилолтын зардлыг хоёр дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх;
“Албан томилолтын зардлын тариф шинэчлэн батлах тухай” Сангийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тоот тушаал батлагдлаа.
Төрийн албан хаагчийн дотоод албан томилолтын хоолны зардлыг суманд 24,000 төгрөг, аймгийн төвд 28,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 32,000 төгрөгөөр, байрны зардлыг суманд 40,000 төгрөг, аймгийн төвд 90,000 төгрөг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 110,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлэн баталлаа.
3. Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгөд хэвийн зээлийн үлдэгдэлд байгуулсан сангийн хөрөнгө хамаарахгүй байх;
4. Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал нь холбогдох байгууллагын дүгнэлтээр баталгаажсан байх;
5. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал нь тухайн татварын жилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байх;
"ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний зардал" гэж аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд бизнесийн харилцаа шинээр тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зочид, төлөөлөгчдийг хүлээн авахад зарцуулсан тээврийн зардал, хүлээн авалт, зочид буудал, зоогийн газрын зардал болон орчуулагчийн хөлс”-ийг хэлнэ.
6. Даатгалын тухай хуулийн 4.1.2-т заасан даатгагчаас бусад этгээдийн сайн дурын даатгалын хураамжийн дүн нь тухайн татварын жилийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхгүй байх;
7. Даатгалын тухай хуулийн 4.1.2-т заасан даатгагчийн харилцан хамааралтай этгээдүүдтэй хийсэн сайн дурын даатгалын хураамжийн дүн нь тухайн татварын жилийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхгүй байх;
8. Урсгал засварын зардал нь сэлбэг хэрэгслийн зардлыг багтаасан байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхгүй бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцох;
9. Цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, түүнтэй адилтгах орлогод нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар ногдуулж, суутгасан байх;
10. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шууд бус орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулж, суутгасан байх;
11. Хүүгийн зардлын хувьд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон байх;
12. Албан татвар суутгах орлого олгосон тохиолдолд холбогдох албан татварыг суутган тайлагнасан байх.