Татварын өр хураах үйл ажиллагаа

55 дугаар зүйл.Татварын өр хураах үйл ажиллагаа

55.1.Татварын алба дараах тохиолдолд татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлнэ:

55.1.1.татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй;

55.1.2.татвар төлөгч энэ хуулийн 54.2-т заасан урьдчилан нэхэмжлэх хуудас болон энэ хуулийн 53 дугаар зүйлээр тогтоосон хугацаанд татвараа бүрэн төлөөгүй;

55.1.3.өв залгамжлагчаас татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд татвараа бүрэн төлөөгүй;

55.1.4.татвар төлөх хугацаанаас хойш нэхэмжлэх хүлээн авсан татвар төлөгчид энэ хуулийн 54.1-д заасан нөхцөл байдал үүссэн.

55.2.Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ:

55.2.1.нэхэмжлэх хүргүүлэх;

55.2.2.татварын өрийг үл маргах журмаар гаргуулах;

55.2.3.бэлэн мөнгө хураах;

55.2.4.хөрөнгө болон авлага битүүмжлэх;

55.2.5.битүүмжилсэн хөрөнгийг хураах;

55.2.6.битүүмжлэн хураасан хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх;

55.2.7.орлогыг хуваарилах;

55.3.Татварын өрийг бүрэн хураах зорилгоор энэ хуулийн 55.2-т заасан ажиллагааг давхардуулан явуулж болно.