Татвар төлөх хугацааны хөнгөлөлт

53 дугаар зүйл.Татвар төлөх хугацааны хөнгөлөлт

53.1.Доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсэж татвар төлөгч татварын өрийг төлөх боломжгүй болох нь тогтоогдсон бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн харьяа татварын алба татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болно:

53.1.1.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.1-д заасан гамшиг болон үер, газар хөдлөлт, гал түймэрт өртсөн;

53.1.2.энэ хуулийн 6.1.41.а, 6.1.41.б-д заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татвар төлөгч хувь хүний хувьд өмнөх жилийн татвар ногдох орлогоос илүү хэмжээтэй эмчилгээний зардал гаргасан;

53.1.3.татвар төлөгч эрхэлж байгаа үйл ажиллагаагаа зогсоосон;

53.1.4.татвар төлөгчийн үйл ажиллагаанд 3 жил дараалан их хэмжээний алдагдал хүлээж, төлбөрийн чадвар муудсан.

53.2.Татвар төлөгч энэ хуулийн 53.1-д заасан хөнгөлөлтийн хугацаанд татварын өрийг төлөх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл үүссэн тохиолдолд татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн харьяалах татварын алба хугацааг дахин сунгаж болно. Сунгах хугацаа нь анхны хөнгөлөлтийг оруулан нийт 2 жилээс илүүгүй байна.

53.3.Татварын өр төлөх хугацааны хөнгөлөлт үзүүлэхэд дараах зарчим баримтална:

53.3.1.татвар төлөх хугацааны хөнгөлөлтөд хамаарах татварын өрийн дүн нь 10.0 сая төгрөгөөс доош, эсхүл хөнгөлөх хугацаа нь 3 сар хүртэлх татварын өрд барьцаа хөрөнгө шаардахгүй бөгөөд бусад тохиолдолд сунгасан хугацаанд хамаарах алдангийн хэмжээг оруулсан дүнгээс багагүй хэмжээний барьцаа хөрөнгийг шаардана;

53.3.2.барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө, Засгийн газрын үнэт цаас байх ба барьцаалах ажиллагааг Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг баримтлан хэрэгжүүлнэ;

53.3.3.энэ хуулийн 53.3.1-д заасан барьцааны оронд бусад этгээдийн батлан даалтыг ашиглаж болно;

53.3.4.татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтэд хөрөнгийн байдал, санхүүгийн чадавхыг тэмдэглэн, түүнд үндэслэн гаргасан хөнгөлөлтийн хугацаанд татварын өр төлөх хуваарийг тусгана.

53.4.Татварын өр төлөх хугацааг хөнгөлсөн бол хөнгөлөлтийн хугацаанд тухайн татварын өрийг хураах энэ хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй.

53.5.Энэ хуулийн 53.1, 53.2-т заасны дагуу татварын өр төлөх хугацааг хөнгөлсөн тохиолдолд хөнгөлөлтийн хугацаанд тооцох алдангийг 20 хувиар хөнгөлнө.

53.6.Энэ хуулийн 53.1, 53.2-т зааснаар татвар төлөгч сунгасан хугацаанд эрсдэлтэй татвар гэж үзэх нөхцөл байдал үүссэн, эсхүл хуваарийн дагуу татварын өрийг төлөөгүй, барьцааны зүйлийг өөрчлөхийг зөвшөөрөөгүй болон түүний дараа гарах нөхцөл байдлын өөрчлөлт нь хөнгөлөлтийг үргэлжлүүлэхэд зохистой бус гэж үзсэн тохиолдолд татварын албаны дарга хөнгөлөлтийг цуцалж, барьцааны зүйлээс татварын өрийг гаргуулна.

53.7.Энэ хуулийн 53.6-д заасны дагуу хөнгөлөлтийг цуцалсан тохиолдолд эхний ээлжид үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас зэрэг татвар төлөгчийн хөрөнгөөс татварын өрийг гаргуулах бөгөөд уг хөрөнгөөс гаргуулж хүрэлцэхгүй тохиолдолд батлан даагчаас татварын өрийг гаргуулах зарчим баримтална.

53.8.Батлан даагчаас татварын өрийг гаргуулахдаа энэ хуулийн 58.1, 58.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг хүргүүлнэ. Батлан даагч нь батлан даасан үүрэгт хамаарах татварыг мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд төлөөгүй бол энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэх хүргүүлнэ. Батлан даагч тухайн нэхэмжлэхэд заасан хугацаанд татварын өрийг төлөөгүй бол татварын өр хураах ажиллагааг эхлүүлнэ.

53.9.Татварын өр төлөх хугацааны хөнгөлөлтийг зөвшөөрсөн болон цуцалсан талаар татварын албаны даргын шийдвэрийг өртэй татвар төлөгчид ажлын 10 өдрийн дотор мэдэгдэнэ.

53.10.Татварын өр төлөх хугацааг хөнгөлөх журам, энэ үйл ажиллагаатай холбогдох маягтын агуулга, загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.