Үнэ шилжилтийн талаар

 

Монгол Улсад Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагууд техник туслалцааны хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ), Уул уурхай, үнэт металл, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум (ЗГФ), ЭЗХАХБ/НҮБ-ын Хил хязгааргүй татварын байцаагч (ХХТБ) хөтөлбөр Монгол Улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн.

ЭЗХАХБ, ЗГФ 2019 оноос хойш Монголын татварын албатай уул уурхайн салбарын татвар ногдлуулалтын чадавх бэхжүүлэхэд хамтран ажиллаж байна. Уул уурхайн салбар нь 2019 онд Монгол Улсын гадаад экспортын 80%, төсвийн 24%-ийг бүрдүүлжээ. ЗГФ-ЭЗХАХБ-ын Уул уурхайн салбар дахь суурийг багасгаж, ашгийг шилжүүлэхийн эсрэг БЭПС хөтөлбөрийн үйл ажиллагааны голлох хэсэг нь Монгол Улсад 2019 онд хэрэгжиж эхэлсэн ХХТБ хөтөлбөртэй хамтарч ажиллах байв.

Уул уурхайн салбарт татварын хяналт шалгалт хийх чадавх бэхжүүлэх ажлын үр дүнд Монголын татварын алба анхны үнэ шилжилтийн хяналт шалгалтыг хийж, ирээдүйд шилжүүлсэн (1.5 тэрбум ам.доллар) алдагдлыг тооцохгүй байх, нөхөн ногдуулалтын актаар 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн төлбөрийг томоохон татвар төлөгчийн төлөөлөлд 2020 оны эцсээр ногдуулсан нь “Суурийг багасгаж, ашгийг шилжүүлэхийн эсрэг БЭПС хөтөлбөр”-ийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг улам эрчимжүүлж ажиллаж байгаагийн илрэл юм. Төлөөлөл энэ талаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд мэдээлсэн бөгөөд одоогийн байдлаар маргааны түвшинд байна.

Уг татварын акт нь Сангийн яам, Монголын татварын албаны татварын хууль тогтоомж, түүний хэрэгжүүлэлтэд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх ажлын үр дүнд суурилжээ. Монгол Улс ЭЗХАХБ-ын “БЭПС хөтөлбөр”, “Татварын зорилгоор ил тод байдал, харилцан мэдээлэл солилцооны олон улсын форум”-д нэгдэн орсноор хууль тогтоомждоо олон улсын татварын зүйл заалтыг нэмэн оруулж, БЭПС-ийн арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн.

Этиоп Улсын Аддис Абаба хотноо зохион байгуулагдсан Хөгжлийн санхүүжилтийн гуравдугаар хуралдаанаар 2015 онд ЭЗХАХБ Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хөгжиж буй орнуудын татварын хяналт шалгалт хийх чадавхыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор татварын байцаагч нарыг олон улсын татварын чиглэлээр “дадлагажих, чадавхжуулах” ХХТБ хөтөлбөрийг санаачлан эхлүүлж байсан. Дэлхийн олон улс орны зөвлөх, мэргэжилтнүүд хөгжиж буй орны татварын байцаагчдад хяналт шалгалтын асуудлаар эрсдэлийн үнэлгээ хийх, хяналт шалгалтын арга барил, үнэ шилжилтийн хяналт шалгалт хийхэд зөвлөгөө өгөх зэрэг асуудлаар ажиллаж байна. ХХТБ зөвлөхүүд цар тахлын хүндрэл бэрхшээлийг үл харгалзан Ази, Африк, Зүүн Европ, Латин Америкийн орнуудын албан хаагчидтай хамтын ажиллагаагаа цахимаар үргэлжлүүлж байгаа билээ.

Уул уурхайн салбар дахь БЭПС хөтөлбөр нь ЗГФ, ЭЗХАХБ-ын хамтарсан хөтөлбөр бөгөөд байгалийн баялаг ихтэй, хөгжиж буй орнуудад техник туслалцаа үзүүлж, чадавх бэхжүүлэхэд чиглэдэг. Хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарт татварын суурийг багасгаж байгаа, ашгийг шилжүүлж байгаатай тэмцэж, хөтөлбөрт хамрагдагч улс орнууд байгалийн баялгаасаа тэгш, шударгаар санхүүгийн өгөөж хүртэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг.