31 дүгээр зүйл.Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн татварын харилцаа
31.1.Харилцан хамаарал бүхий Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч болон Монгол Улсад байнга оршин суугч хувь хүн нь гадаадын аж ахуйн нэгжийн нийт хувьцааны тоо хэмжээний, эсхүл саналын эрхийн 50 ба түүнээс дээш хувийг тухайн татварын жилийн аль нэг хугацаанд шууд, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр дамжуулан эзэмшдэг бол тухайн гадаадын аж ахуйн нэгжийг энэ зүйлд заасан “үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгж” гэж ойлгоно.
31.2.Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийг Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчид хамааруулна.
31.3.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тодорхойлсон оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсан, үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн доор дурдсан орлогод албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно:
31.3.1.энэ хуулийн 9.1.2, 9.1.3, 9.1.4, 10.1.1-д заасан орлогын нийт дүнгээр;
31.3.2.энэ хуулийн 10.1.3-т заасан орлогыг энэ хуулийн 18.3-т заасны дагуу;
31.3.3.энэ хуулийн 10.1.4-т заасан орлогыг энэ хуулийн 18.5-д заасны дагуу.
31.4.Гадаадын үнэт цаасны анхдагч зах зээлд хувьцаа, нэгж эрхээ нээлттэй арилжаалах зорилгоор байгуулагдсан үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсад хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжид энэ хуулийн 31 дүгээр зүйл хамаарахгүй.
31.5.Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгж нь энэ хуулийн 30.1-д заасан эцсийн эзэмшигч бөгөөд энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ шилжүүлсний улмаас эрх эзэмшигч нь татварыг ногдуулан тайлагнасан тохиолдолд ногдуулсан татварын хэмжээгээр гадаад улсад албан татварыг бууруулан тооцно.
31.6.Энэ хуулийн 31.3-т заасны дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогод энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан хувь хэмжээг баримтлан албан татвар ногдуулна.
31.7.Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн гадаад улсад ногдуулсан албан татварыг энэ хуулийн 31.3-т заасны дагуу тодорхойлон ногдуулсан тухайн жилийн төлбөл зохих албан татвараас хасаж тооцно. Ийнхүү хасаж тооцохдоо энэ хуулийн 23 дугаар зүйлд заасныг баримтална.
31.8.Энэ хуулийн 31.3-т заасны дагуу ногдуулсан албан татварыг гадаад улсын эрх бүхий байгууллагад тайлагнасан татварын тайлангийн хамт энэ хуулийн 31.1-д заасан Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч болон хувь хүн дараагийн татварын жилийн 02 дугаар сарын 10-ны дотор тайлагнаж, эцсийн тооцоог хийнэ.
31.9.Энэ хуулийн 31.3-т заасны дагуу ногдуулсан албан татварыг 31.8-д заасан эцсийн тооцоонд үндэслэн дараагийн татварын жилийн 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө.
31.10.Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, тайлагнах журам, тайлангийн маягтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.