Тусгайлсан татварын харилцаа

30 дугаар зүйл.Эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоог өөрчлөх замаар эрх борлуулсан, шилжүүлсний татварын харилцаа

30.1.“Эцсийн эзэмшигч” гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасныг ойлгоно.

30.2.Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно.

30.3.Эрх борлуулсан, шилжүүлсний албан татвар ногдуулах орлогын суурийг энэ хуулийн 30.6-д заасан журмын дагуу тооцсон тухайн эрх, тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно:

30.3.1.төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж;

30.3.2.бусдаас худалдаж, шилжүүлж авсан тохиолдолд хэлцлийн дагуу худалдах, шилжүүлэн авахад төлсөн, шилжүүлсэн баримтаар нотлогдох төлбөр.

30.4.Энэ хуулийн 30.3-т заасны дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогын сууриас эцсийн эзэмшигчийн борлуулсан, шилжүүлсэн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээс эрх эзэмшигчийн хувьцаанд хамаарах хэмжээгээр тухайн эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож, албан татвар ногдуулах орлогыг эцэслэн тодорхойлно.

30.5.Газар ашиглах, эзэмших эрхийн үнэлгээг Газрын тухай хуулийн 38.6-д заасан үнийн шаардлагыг үндэслэн тодорхойлно.

30.6.Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

30.7.Энэ хуулийн 30.1-д заасан эцсийн эзэмшигч нь Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч бол тухайн эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ борлуулсан, шилжүүлсний орлого болон энэ хуулийн 30.3, 30.4, 30.5, 30.6-д заасны дагуу тооцсон эрх борлуулсан, шилжүүлсний орлогын зөвхөн аль өндөр дүнтэй орлогод холбогдох албан татварыг ногдуулна. Бага дүнтэй орлогыг албан татвараас чөлөөлнө.

30.8.Эцсийн эзэмшигч нь эрх эзэмшигчийн тухайд төлөөлүүлэн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн нийт дүн, хэмжээг өөрчлөлгүйгээр эрх эзэмшигчээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээд хооронд хувьцаа шилжүүлэх, нэгдэх, нийлэх, тусгаарлах, шинэ хуулийн этгээд үүсгэн байгуулах хэлбэрээр хэлхээ холбоо доторх хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн бүтцийг өөрчилсөн тохиолдолд эрх борлуулсан, шилжүүлсэн гэж үзэхгүй.

30.9.Эрх эзэмшигчийн өөрийн, эцсийн эзэмшигчийн болон эрх эзэмшигчээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээдийн хувьцаа гадаад, дотоодын хөрөнгийн биржид нээлттэй арилжаалагддаг бол үргэлжилсэн 12 сарын хугацаанд эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн нээлттэй арилжаалсан хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээнд хамаарах эрх борлуулсан, шилжүүлсний орлогын дүнг албан татвараас чөлөөлнө.

30.10.Энэ хуулийн 30.4-т заасны дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогод 10 хувиар албан татвар ногдуулна.

30.11.Энэ хуулийн 30.10-т заасны дагуу ногдуулах албан татварыг тухайн эрх эзэмшигч ногдуулж, 30 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.

30.12.Энэ хуулийн 30.11-т заасныг үл харгалзан, эрх эзэмшигчийн өөрийн, эцсийн эзэмшигчийн болон эрх эзэмшигчээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээдийн хувьцаа гадаад, дотоодын хөрөнгийн биржид нээлттэй арилжаалагддаг бол эрх эзэмшигч хагас жилд ногдуулсан албан татварыг 07 дугаар сарын 20-ны дотор багтаан, жилийн эцсийн татварыг дараагийн татварын жилийн 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт шилжүүлж, эцсийн тооцоог хийнэ.

30.13.Албан татвар төлөгч энэ хуулийн 26.1, 26.2-т заасны дагуу хүргүүлэх татварын тайланд энэ хуулийн 30.11, 30.12-т заасны дагуу ногдуулсан татварын тайланг хавсаргана.