29 дүгээр зүйл.Татварын хялбаршуулсан горим
29.1.Өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага бол тухайн албан татвар төлөгч тухайн татварын жилийн 3 дугаар улиралд багтаан хүсэлт гаргасныг харьяалах татварын алба бүртгэж авсан тохиолдолд дараагийн татварын жилээс эхлэн тухайн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно.
29.2.Татварын хялбаршуулсан горим ашиглах албан татвар төлөгч нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байна.
29.3.Дараах албан татвар төлөгч энэ хуулийн 29.1-д заасан хүсэлт гаргахгүй:
29.3.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлсэн албан татвар төлөгч;
29.3.2.доор дурдсан үйл ажиллагаа эрхэлдэг албан татвар төлөгч:
29.3.2.а.ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах;
29.3.2.б.согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох;
29.3.2.в.тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох;
29.3.2.г.газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах.
29.4.Энэ хуулийн 29.1-д заасан хүсэлтийг бүртгэх, шийдвэрлэх, бүртгэлээс хасах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
29.5.Энэ хуулийн 29.1-д заасны дагуу татварын албанд хүсэлт гаргаж бүртгүүлсэн албан татвар төлөгчийн өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй.
29.6.Энэ хуулийн 29.1-д заасны дагуу татварын албанд хүсэлт гаргаж бүртгүүлсэн албан татвар төлөгч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч болсон өдрөөс эхлэн хялбаршуулсан горимоос гарна.
29.7.Энэ хуулийн 29.3.2-т заасан үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн өдрөөс эхлэн хялбаршуулсан горимоос гарна.
29.8.Энэ хуулийн 29.6, 29.7-д зааснаас бусад тохиолдолд энэ зүйлийн дагуу татварын албанд хүсэлт гаргаж бүртгүүлсэн албан татвар төлөгч татварын жилийн дундуур хялбаршуулсан горимоос гарахгүй.
29.9.Энэ хуулийн 29.1-д заасны дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогод 1 хувиар албан татвар ногдуулна.
29.10.Энэ хуулийн 29.1-д заасны дагуу албан татвар төлж, тайлагнах аж ахуйн нэгж энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан чөлөөлөлт, 22 дугаар зүйлд заасан хөнгөлөлт эдлэхгүй бөгөөд энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүй.
29.11.Төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хуваарийг үндэслэн харьяалах татварын алба тухайн татварын жилд энэ хуулийн 29.9-д заасны дагуу ногдуулан төлөх албан татварын сарын хуваарийг албан татвар төлөгчид хүргүүлнэ.
29.12.Энэ хуулийн 29.11-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу улирал бүр төлөх татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сард багтаан төсөвт төлнө.
29.13.Энэ хуулийн 29.1-д заасны дагуу гаргасан хүсэлтээ татварын албанд бүртгүүлсэн албан татвар төлөгч жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.