26 дугаар зүйл.Албан татварыг тайлагнах
26.1.Өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг ба түүнээс дээш бол уг албан татвар төлөгч тухайн татварын жилийн улирлын татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.
26.2.Татварын өмнөх жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл энэ хуулийн 29.1-д заасны дагуу татварын албанд бүртгүүлээгүй албан татвар төлөгч тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ.
26.3.Энэ хуулийн 26.1, 26.2-т заасан албан татвар ногдуулах жилийн орлогыг тодорхойлохдоо албан татвар төлөгчийн зөвхөн тухайн тайлант жилийн өмнөх татварын жилд тайлагнасан албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээнд үндэслэнэ.
26.4.Албан татвар төлөгч холбогдох татварын тайланг жилийн эхнээс өссөн дүнгээр гаргана.
26.5.Албан татвар төлөгч холбогдох татварын тайланд энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу суутган ногдуулсан татварын тайланг хавсаргана.
26.6.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид орлого олгосон суутган төлөгч нь хувь хүн бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу суутган ногдуулсан татварын тайланг Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу тайлагнах албан татварын тайланд хавсаргана.
26.7.Тайлант жилд үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгч энэ хуулийн 26.2-т заасны дагуу татварын тайлан гаргана.
26.8.Албан татвар төлөгч үйл ажиллагаа эрхлээгүй тухай тайлан гаргасан жилийн дараагийн татварын жилээс эхлэн жилд нэг удаа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.
26.9.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь энэ хуулийн дагуу тухайн татварын жилд тусгай зөвшөөрөл тус бүрд хамаарах татварын тайланг тус тус гаргаж, албан татварын тооцоо хийнэ.
26.10.Доор дурдсан нөхцөлийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд энэ хуулийн 26.9-д заасан тайланг нэгтгэн гаргаж болно:
26.10.1.албан татвар төлөгчийн эзэмшил дэх тусгай зөвшөөрөл бүхий талбай хоорондоо хиллэдэг бол;
26.10.2.ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд ашиглах бүтээгдэхүүний нэр төрөл ижил бол.
26.11.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг энэ хуулийн 26.10-т заасны дагуу нэгтгэн тайлагнахгүй.
26.12.Энэ хуулийн 26.10-т заасны дагуу татварын тайланг дараагийн татварын жилд нэгтгэн гаргах тухай хүсэлтийг тухайн татварын жилийн 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргана.
26.13.Энэ хуулийн 26.12-т заасан хүсэлтийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор хянан, хүсэлтийг баталгаажуулах эсэх талаар хариу мэдэгдэнэ.
26.14.Энэ хуулийн 24.4-т заасны дагуу тодорхойлон ногдуулсан албан татварыг албан татвар төлөгч энэ хуульд заасан хугацаанд тайлагнана.