Үл хөдлөх хөрөнгийн албан татвараас

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөд /цаашид "үл хөдлөх эд хөрөнгө" гэх/ албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль тогтоомж

2.1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хууль тогтоомж нь Иргэний хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Татвар ногдуулах үл хөдлөх эд хөрөнгө

3.1. Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч

4.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна:

4.1.1. өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар;

4.1.2. төрийн бус байгууллага, сан, шашны байгууллага;

4.1.3. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

4.1.4. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

4.1.5. Монгол Улсад оршин суугч бус этгээд.

5 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээ

5.1. Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно.

/Энэ хэсэгт 2004 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

5.2. Иргэнд өмчүүлэх газарт үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулах үнэлгээг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно.

/Энэ хэсгийг 2004 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

6 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээ

6.1.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх

/Энэ зүйлийн гарчигт 2004 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.1. Дараахь үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө:

7.1.1. улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө;

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.1.2. орон сууц;

7.1.3. нийтийн эзэмшлийн барилга байгууламж.

7.1.4.үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө.

/Энэ заалтыг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

7.1.5.чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж.

/Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.2. Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дараахь байдлаар хөнгөлнө:

7.2.1. гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:

7.2.1.1. нийслэлд 95 хувиар;

7.2.1.2. аймгийн төвд 97 хувиар;

7.2.1.3. сумын төв, тосгонд 98 хувиар.

7.2.2. газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:

7.2.2.1. нийслэлд 30 хувиар;

7.2.2.2. аймгийн төвд 70 хувиар;

7.2.2.3. сумын төв, тосгонд 85 хувиар.

7.2.3. газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар.

/Дээрх 7.2. дахь хэсгийг 2004 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Албан татвар ногдуулах, төсөвт төлөх

8.1. Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно.

8.2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө.

8.3. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор нэг удаа төлнө.

8.4. Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ногдуулж, татварын байцаагч хурааж, орон нутгийн төсөвт оруулна.

/Энэ хэсгийг 2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 

тайланг тушаах хугацаа

9.1. Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана.

9.2. Албан татварын тайланг татварын албад нэгтгэн гаргаж, 2 дугаар сарын 20-ны дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.3. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.4. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /албан тушаалтан/ газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг нэгтгэж, нэг хувийг харьяалах татварын албанд дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тушаана.

/Энэ хэсгийг 2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

10 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

10.1. Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ