Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /цаашид Хууль гэх/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу суутгагч татвар төлөгч цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хавсралт мэдээний хамт хүргүүлнэ.
Татвар төлөгч хувь хүн хуулийн 27.2-т заасны дагуу тайлангаа татварын албанд хүргүүлж хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхэд тайлан боловсруулалт хийх боломжоор хангах үүднээс суутган төлөгч нь 4 дүгээр улирлын тайлангийн хавсралт мэдээг дараа оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ирүүлнэ
Энэхүү хавсралт мэдээгээр суутгагчаас орлого хүлээн авсан татвар төлөгч бүрийг тайлагнах ба энэ нь тухайн татвар төлөгч хувь хүн Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргахдаа суутгагчаас цалингийн тодорхойлолт авах, Иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хийлгүүлж орлого олгогчид ачаалал үүсгэхгүй болгох, уг дэвтрийн бүртгэлийг цахимжуулах зорилготой.
1. Татвар төлөгч ТТ-11 тайланг “хадгалах” үйлдэл /тоон утгыг нөхөөгүй байж болно/ хийсний дараа хавсралт мэдээ хадгалагдах бөгөөд мэдээг бөглөж хадгалсны дараа тайлангийн холбогдох мөрийн дүн /шууд бус орлогоос бусад/ шууд татагдан бөглөгдөж тооцоологдоно.
2. Хавсралт мэдээг бөглөхдөө мэдээний багана дахь утгыг сольж зөрүүлэхгүй зөв бөглөх ба татвар төлөгч хувь хүний регистрийн дугаарын үсгийг томоор бичиж оруулна. Хэрэв баганын утгыг зөрүүлсэн, регистрийн дугаарын үсгийг жижгээр бичсэн тохиолдолд татвар төлөгч хувь хүн тайлангаа өгөхөд суутгуулж төлсөн албан татварын мэдээ татагдахгүйгээс тухайн хувь хүний тайлан “шалгуур хангаагүй” төлөвт орж үүнээс үүдэн суутган төлөгч тайлангаа засварлах шаардлага үүсэх болно.
3. Тайлангийн “Татвар төлөгчийн тоо” буюу 3 дугаар баганад хавсралт мэдээ бүрт оруулсан татвар төлөгчийн тоог тавина.
4. Хавсралт мэдээний 2-5 дугаар баганад тухайн суутгуулагч татвар төлөгчийн мэдээллийг оруулна. 2 дугаар баганын “ТТД” буюу Татвар төлөгчийн дугаар нь татвар төлөгч бүрт татварын албанаас олгох 11 оронтой дугаар бөгөөд татвар төлөгчийн регистрийн дугаарыг оруулахад програмаас татагдана. Одоогоор програмд хөгжүүлэлт хийгдэж байгаа бөгөөд суутган төлөгч энэ баганад ямар нэг утга оруулахгүй. Мэдээллийг экселээс импортолж байгаа тохиолдолд тухайн баганын утгыг хоосон үзүүлэлттэйгээр хийсэн байна.
5. ХМ-11(1) хавсралт мэдээний маягтын 6-12 дугаар баганад татвар төлөгчид олгосон Хуулийн 7.1.1-7.1.7-д заасан орлогын дүнг, эсвэл “0” /програмд хөгжүүлэлт хийгдэж утга оруулахгүй байж болох хүртэл/ утга оруулна. Эдгээр орлого нь ТТ-11 тайлангийн маягтын 2-8 дугаар мөрөнд хуульд тодорхойлсноор тусгагдсан бөгөөд багана бүрийн нийт дүн тайлангийн харгалзах мөрөнд татагдана.
5.1. Мэдээнд орлого хүлээн авсан татвар төлөгч бүрийн орлогыг тайлагнах тул хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогыг мөн энэ мэдээнд тайлагнана.
5.2. Хуульд “үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого”ыг олгохдоо хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэхгүй байхаар заасан тул уг орлогод ногдуулах албан татварыг салгаж тооцохын тулд мэдээний 14 дүгээр мөрөнд хуулийн 7.1.6-д заасан буюу 11 дүгээр баганын орлогод, 15 дугаар баганад бусад орлогод буюу 6, 7, 8, 9, 10, 12 дугаар багана дахь орлогод ногдуулан суутгасан эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн дүнг оруулна.
5.3. Ногдуулсан албан татвар буюу 16, 17 дугаар мөрийн дүн өмнөх оруулсан мэдээлэлд үндэслэн тооцоологдоно.
5.4. Хуульд суутган төлөгч нь орлого олгохдоо ногдох албан татварын хөнгөлөлтийг сар бүр эдлүүлэхээр заасан тул мэдээний 19 дүгээр баганад орлого хүлээн авсан буюу ажилласан сарын тоог, 20 дугаар баганад нийт хөнгөлөлтийн дүнг тавина.
Албан татвар ногдуулах сарын орлогын хэмжээ /төгрөгөөр/ Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/
0- 500 000 хүртэл 20 000
500 001-1 000 000 хүртэл 18 000
1 000 001-1 500 000 хүртэл 16 000
1 500 001-2 000 000 хүртэл 14 000
2 000 001-2 500 000 хүртэл 12 000
2 500 001-3 000 000 хүртэл 10 000
3 000 001 ба түүнээс дээш 0
Жишээ нь ажилтанд 1, 3 дугаар сард харгалзан 400.0, 2200.0 мянган төгрөгийн цалин олгосон, 2 дугаар сард орлого олгоогүй гэвэл 1-р сард 20.0, 3-р сард 12.0, мянган төгрөгийн хөнгөлөлт эдлүүлэх тул мэдээний 19 дүгээр баганад орлого олгосон сарын тоог “2” гэж, 20 дугаар баганад хөнгөлөлтийн дүнг “32000” /20000+12000/ гэж оруулна.
5.5. 20 дугаар баганын хөнгөлөлтийн дүнгийн 1 сарын хэмжээ 20000 төгрөгөөс хэтрэхгүй, хуулийн 7.1.6-д заасан орлогод хөнгөлөлт эдлүүлсэн дүн оруулахгүй байх шалгууртай. /буруу оруулсан тохиолдолд алдаа заах болно/
5.6. Мэдээний 16, 17, 18, 21 дүгээр баганын дүн өмнөх өгөгдөлд суурилан програмаар бодогдох ба хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого нь татвар ногдуулахаар харагдаж байгаа боловч ХМ-11(2) мэдээгээр татвар ногдуулах орлогоос хасагдаж тохируулагдана.
6. ХМ-11(2) хавсралт мэдээгээр хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтын дагуу чөлөөлөгдөх татвар төлөгч хувь хүний орлогыг тайлагнах ба чөлөөлөлтийг эдлүүлэхдээ Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/261 тоот тушаалаар батлагдсан “Хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам”-ын /цаашид журам гэх/ 2.3, 2.4 дэх заалтыг баримталж нотлох баримтыг үндэслэсэн байна.
7. ХМ-11(3) хавсралт мэдээнд оршин суугч бус татвар төлөгчдөд олгосон орлого, суутгасан албан татварыг мэдээлэх ба 9 дүгээр баганад орлогын дүнг, 11 дүгээр баганад тухайн оршин суугч бус татвар төлөгч нь Монгол Улсаас бусад улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр хийгдсэн орны байнга оршин суугч бол тухайн орны оршин суугч болохыг нотолсон сертификатыг үндэслэн уг хэлэлцээрийн дагуу хөнгөлөгдөх татварын дүнг оруулж, 10 ба 12 дугаар баганын дүн тооцоологдоно. Дээр дурдсан хэлэлцээр хийгдээгүй улсын байнгын оршин суугч бол 12 дугаар баганын дүн 10 дугаар баганын дүнтэй тэнцүү байна. Мэдээний 15 дугаар баганад тухайн татвар төлөгчийн оршин суугч татвар төлөгчийн сертификатын дугаарыг оруулна.
ХМ-11(4) хавсралт мэдээгээр албан татвар ногдох шууд бус орлогыг тайлагнах ба 6 дугаар баганад орлогын төрлийг сонгож 7 дугаар баганад орлогын дүнг оруулснаар 8 дугаар баганын дүн тооцоологдоно. Орлогын төрөл тус бүрийн дүн, татвар төлөгчийн тоог ТТ-11 тайлангийн харгалзах мөрөнд гараас оруулж өгснөөр тайлангийн шууд бус орлого, суутгасан албан татварын нийт дүнг мэдээний 8, 9 дүгээр баганын дүнтэй тулгах шалгуур ажиллана.