Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар 2019 оны НӨАТ-ыг үндэслээд ард иргэдэд 20 хувийг буцаан олгох шийдвэр гарч байна. Нийт 148 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад буцаан олголтын хэмжээ 26 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна.
912,000 иргэн буцаан олголт авч байгаа. НӨАТ-ын буцаан олголтыг ирэх даваа гариг буюу энэ сарын 10-наас олгож эхэлнэ. Татварын багц хууль шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор улирал бүрт буцаан олголтыг олгож эхэлнэ. Дөрөвдүгээр сар, долдугаар сар, аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголт ороод явна.
996 иргэний 2.1 тэрбум төгрөгийн гүйлгээ зөрчилтэй байна гэж үзээд хянаж байгаа. Цахим систем эрсдэл үүсэхэд хүнээс үл хамаараад эрсдлийн мэдээллийг өгдөг, үүнийг хянаад засаж залруулдаг. Хууль хэрэгжих хугацаанд зарим зөрчил илэрсэн. Тухайлбал, зочид буудлын ажилтан иргэдэд олгох ёстой НӨАТ-ыг их дүнгээр буюу 80-аад сая төгрөгийг өөр дээрээ бүртгүүлж авсан байгаа.
Мөн автомашин борлуулсан иргэн НӨАТ-гүй зарчихаад хил гааль дээр төлсөн НӨАТ-ыг буцаан авах зэрэг зөрчлүүд байсан тул хяналт шалгалтууд хийгдээд арилгах чиглэлээр ажилласан.
НӨАТ-ын буцаан олголтоо шууд авахгүйгээр төрийн үйлчилгээнүүдээ төлөх боломжийг ирэх улирлаас бүрдүүлнэ. НӨАТ-ын орлогоор төрийн үйлчилгээний төлбөрүүдийг төлөх боломжийг ийнхүү бүрдүүлж байна" гэлээ.