Татварын эрсдэл гэдэг нь: Татварын хуулийг хэрэгжүүлэхдээ буруу ойлгох, эсвэл хэрэгжүүлэхгүй зөрчихөөс шалтгаалан хуульд заасан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээхийг хэлнэ. Татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь бүртгэл санхүү, татварын өндөр мэдлэгтэй байхаас гадна татвар төлөгчийн эх оронч, шударга, ёс зүйтэй байдлаас ихээхэн хамаардаг. Татвар төлөгч тайлан бэлтгэхдээ нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт бүртгэлийн стандарт, татварын хуулийн хоорондын уялдаа холбоо, зөрүүтэй байдлын талаар нарийн тодорхойлж бүртгэлийн бодлогыг зааж хэрхэн тохируулан бүртгэх талаар сайтар тусгаж, зарчмаа тодорхойлох хэрэгтэй байдаг.
Орлогын бүртгэл :
НББОУСтандарт-18 зарчимд суурилан орлогоо хүлээн зөвшөөрөх ба татварын хуулинд энэ зарчим нийцэх ба ААНОАТ-ын хуулийн 7.1.Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт болон гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно.
21.1 Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө.
Санхүү, татварын тайланд орлогыг хүлээн зөвшөөрөхдөө мөнгөн сууриар биш аккруэл сууриар эдийн засгийн өгөөж хүртэх боломжтой болсон үед нь хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
Зардлын бүртгэл:
Зардлыг бүртгэхдээ НББОУСтандартын үндсэн зарчмыг баримталж бүртгэх ба үнэн зөв, найдвартай, тооцооллын алдаагүй, бие даасан эзэмшигчийн хувийн хэрэглээ холилдохгүй байх, ажил гүйлгээ бодит өртөгт суурилах, зардал нь орлоготойгоо уялдаатай байх, мөнгөөр илэрхийлэх, хэрэгжсэн байх зэрэг зарчмуудад тохируулан бүртгэнэ.
Татварын хуульд татвар ногдох орлогоос хасагдах зардлыг нэр тус бүрээс зүйлчлэн зааж өгсөн бөгөөд хүлээн зөвшөөрөхдөө ихэвчлэн мөнгөн суурийг баримтална.
Орлого зардлын хүлээн зөвшөөрөлт дээр Санхүүгийн тайлан болон Татварын тайлангийн хооронд гарсан зөрүүг НББОУС 12-ыг баримтлан зөрүүгийн тайлангаар зохицуулна.
Татвар ногдох орлого болон татварын өмнөх санхүүгийн ашгийн ялгаа
Санхүүгийн тайлан нь гадаад хэрэглэгчдэд зориулсан, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааны үр дүнг үнэн зөв тодорхойлох шаардлагатай байдаг тул НББОУС болон нийтээр хүлээн зөвшөөрсөн бүртгэлийн зарчмыг баримтлан бэлтгэдэг.
Татварын тайлан нь тухайн улсын татварын хуулийн дагуу орлого, зарлага, ашгаа тооцон татвар ногдуулах орлогыг тодорхойлдог бөгөөд тухайн улсын нийгэм эдийн засгийн байдлаас хамаарч байдаг байна.