Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа 06 дугаар сарын 01-ны дотор төлнө үү.

6 дугаар зүйл.Албан татвар ногдуулах

1.Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна.

2.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл ашиглалтаас хасагдсан тохиолдолд улсын бүртгэлээс хассан тухай албан ёсны баримт бичгийг үндэслэн түүнд ногдох албан татварыг дараа улирлаас эхлэн зогсооно. Албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болно.

3.Албан татвар ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, бүртгэлээс хасах журмыг санхүү, төсвийн болон зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "татвар, гааль, зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэснийг "санхүү, төсвийн болон зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд" гэж өөрчлөлт оруулсан./

7 дугаар зүйл.Албан татвар төлөх хугацаа

1.Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.

/Энэ хэсэгт 1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан, энэ хэсгийг 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хууль, 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.

3.Татвар төлөгч дараа улирал, жилийн албан татварыг урьдчилан төлж болно.

8 дугаар зүйл.Албан татварын талаар замын хөдөлгөөн зохицуулах байгууллагын үйл ажиллагаа

1.Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигчийн тухайн нутаг дэвсгэрийн татварын албатай албан татварын тооцоо хийсэн тухай тодорхойлолтыг үндэслэн шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ.

Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний мэдээг тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд улирал тутам гаргаж өгнө.

/Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураах ажилд туслалцаа үзүүлнэ. Татварын алба, замын хөдөлгөөн зохицуулах байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэг, татварын хяналт шалгалтын ажлыг хамтатган зохион байгуулна.