Татварын ерөнхий хууль
30 дугаар зүйл.Татварын тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх
30.1.Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина.
30.2.Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ:
30.2.1.тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй үйлдэж, татвар төлөгч болон холбогдох бусад этгээд гарын үсэг болон тамга, тэмдэг дарж баталгаажуулсан, эсхүл цахимаар холбогдох журмын дагуу илгээсэн эсэх;
30.2.2.тайланг хуулиар тогтоосон хугацаанд тушаасан эсэх;
30.2.3.тайлангийн хавсралт баримт мэдээлэл бүрэн эсэх;
30.2.4.хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл, хувь хүний хувьд орлого, татварын бүртгэлийн дэвтэр болон холбогдох бусад баримтыг үндэслэн тайлангаа гаргасан эсэх;
30.2.5.нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч байгаа эсэх;
30.2.6.татварын тайлан хоорондын үзүүлэлтийн дүн болон тайланд хавсаргасан баримт, мэдээллийн дүн тайлагнасан дүнтэй тохирч байгаа эсэх, тооцооны алдаа байгаа эсэх;
30.2.7.тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож, тодорхойлсон эсэх;
30.2.8.тайланд тусгасан татварын тооцооны үлдэгдэл болон тухайн тайлангийн хугацаанд төлсөн татварын дүн татварын албаны бүртгэлтэй тохирч байгаа эсэх;
30.2.9.тухайн тайлангийн хугацаанд хамаарах татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн хөндлөнгийн мэдээлэл татварын тайлангийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэх.
30.3.Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно.
30.4.Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ.
30.5.Татвар төлөгч энэ хуулийн 30.4-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй бөгөөд татварын алба тайланг хүлээн авна.
30.6.Татвар төлөгч шаардлагыг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай тайлбараа цахимаар, эсхүл бичгээр гаргаж, энэ хуулийн 30.5-д заасан хугацаанд багтаан татварын албанд ирүүлнэ.
30.7.Энэ хуулийн 30.6-д заасны дагуу татвар төлөгчөөс ирүүлсэн тайлбарыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан тайланг хүлээн авна.
30.8.Энэ хуулийн 30.6-д заасан тайлбарыг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй гэж үзвэл татварын алба холбогдох мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх бөгөөд энэ нь тайлангийн хугацаанд хамаарах татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой асуудалд татварын хяналт шалгалт хийж тайлангийн ногдлыг тодорхойлох үндэслэл болно.
30.9.Тайлангийн боловсруулалт хийх хугацаанд тайланг хүлээн аваагүй нь алданги тооцохгүй байх үндэслэл болохгүй.
30.10.Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
30.11.Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам, тайлангийн маягт, тайлан нөхөх заавар, зөрүүг зохицуулах, нягтлан бодох бүртгэлд бүртгэх аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.