21 дүгээр зүйл.Албан татвараас чөлөөлөх
21.1.Албан татвар төлөгчийн дараах орлогыг албан татвараас чөлөөлнө:
21.1.1.Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз;
21.1.2.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д заасан ногдол ашиг;
21.1.3.Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого, сангийн хөрөнгө оруулалтын орлого;
21.1.4.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон энэ хуулийн 18.6.2, 20.1-д заасан орлого;
21.1.5.зээлийн батлан даалтын байгууллагын хуульд заасан үндсэн үйл ажиллагаанаас олсон орлого;
21.1.6.хадгаламжийн даатгалын сангийн хураамжийн орлого;
21.1.7.төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс Засгийн газарт хуваарилсан ногдол ашиг;
21.1.8.энэ хуулийн 21.1.4-т заасан орлого олсон албан татвар төлөгч өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас гадаадад шилжүүлэх орлого;
21.1.9.Боловсролын тухай хуулийн 12.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого;
21.1.10.ашгийн төлөө бус хуулийн этгээдийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой олсон аж ахуйн үйл ажиллагааны орлого;
21.1.11.холбооны гишүүдээс цуглуулсан Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан үйлчилгээний хөлсний орлого болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6.1.7-д заасан санд төвлөрүүлсэн хөрөнгө;
21.1.12.гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучилсны үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого.