card

Товч түүх

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ТОВЧ ТҮҮХЭЭС

           БНМАУ-ын албан татварын тухай анхны бие даасан хууль батлагдан гарснаар Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор Сангийн яаманд орлого, албан татварын газар, аймаг хот, районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст албан татварын тасаг байгуулагдаж, улмаар татварын албан дүрэм батлагдаж, орчин цагийн бие даасан татварын албан байгуулагдан хөгжсөн байна.Тус тогтоолын дагуу Өвөрхангай аймгийн Санхүүгийн хэлтсийн харьяанд “Албан татварын тасаг” анх 1991 онд байгуулагдсан түүхтэй. Татварын тасаг байгуулах тухай аймгийн АДХГЗ-ны даргын 1991 оны 1-р сарын 10-ны өдрийн тушаалаар “Албан татварын тасгийг санхүүгийн хэлтсийн харьяанд ахлах байцаагч 1, улсын байцаагч 5 хүнтэйгээр 1991 оны 1-р сарын 10-наас эхлэн байгуулсугай”. Сумдын ардын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасгийн байцаагчдыг татварын улсын байцаагч болгосугай гэж заагаад албан тушаалын сарын цалинг тогтоон, татварын байцаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулж хууль эрх зүй, эдийн засаг, бүртгэлийн мэдлэгийг системтэй дээшлүүлэх, үнэмлэх тэмдэгтэй болгох, нэгдсэн семинар хийх, ажил дүгнэх үзүүлэлт, урамшуулах журам бий болгох, санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн мөнгөн дүнгийн 30 хувийг дээрх арга хэмжээнд зарцуулж байхыг аймгийн санхүүгийн хэлтэс, сумдын засаг дарга нарт үүрэг болгосон байна. Энэ тушаалын дагуу албан татварын тасгийн даргаар Д.Нэмэхбаяр, орлогын байцаагчаар Г.Пүрэвсүрэн, Д.Бүдрагчаа, Р.Цэнд-Очир, Б.Алтанцэцэг  нар томилогдон ажиллаж байжээ. Мөн бүх сумдын санхүү тасгийн эрхлэгч нарыг албан татварын байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр болж 18 сум тус бүрд нэг байцаагч ажиллаж эхэлжээ.